
Жирэмсэн эх тэмбүүгийн өвчтэй тохиолдолд эхийн хэвлийд байгаа хүүхдэд эхсийн цусны эргэлтээр халдвар дамжиж хүүхэд тэмбүү өвчтэй төрөхийг "төрөлхийн тэмбүү" гэж нэрлэдэг. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, хүүхэд насны, бага насны төрөлхийн тэмбүү гэж ангилдаг. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү, төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны, хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үзнэ. Эхээс урагт ямар замаар халдварладаг вэ? Ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй байдаг. Жирэмсний эхний гурван сар дотор эхэс хараахан үүсэж амжаагүй байдаг болохоор эхчүүд жирэмсний хяналтдаа гурван сар дотроо орвол эрт оношлоод, цусны эргэлтээр урагт тэмбүүгийн халдвар дамжихаас нь өмнө сэргийлж эмчлэх боломжтой байдаг. Жирэмсний гурван сараас хойш эхэс үүсээд, ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй болдог учир ээж өвчтэй үед эхсийн цусан хангамжаар ураг халдвар авдаг. Гурван сараас хойш үед илэрсэн тохиолдолд оношлоод эмчиллээ гэхэд ээж хэзээ халдвар авсан байна, тэмбүүгийн аль үе шатандаа халдвар явж байгаагаас хамаараад гарах үр дагаврууд харилцан адилгүй. Эх нь тэмбүүгийн халдвартай бол хүүхэд хугацаагаа гүйцээхгүй дутуу төрөх, амьгүй төрөх эрсдэлтэй. Тэмбүү өвчний халдвар: * Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох * Баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн * Эхээс урагт гэсэн гурван замаар дамждаг. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа бол жирэмслэхээсээ өмнө гэр бүлийн хосууд хамтдаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Гэтэл эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахгүй, эхчүүд жирэмсний хяналтад хамрагдахгүй явсаар ийм эрсдэл үүсдэг. Төрөлхийн тэмбүүгийн нийт тохиолдлуудыг харахад 48 хувь нь огт жирэмсний хяналтад ороогүй эхчүүдээс бүртгэгдсэн байна. Үлдсэн жирэмсний хяналтад орсон эхчүүдийн хувьд өгөх ёстой шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээндээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаагаас шалтгаалж халдвар тээж байгаагаа ч мэдэхгүй төрөх хугацаа нь тулж байгаа харамсалтай явдал тохиолдож байна.

Умайд сорвитой жирэмсэн ээжүүд уншаарай Энэ удаад ээжүүдийнхээ хамгийн их асуудаг асуултад хариулахаар бэлтгэлээ. Кесар хагалгаагаар төрсөн хүн дахин өөрөөрөө төрөх боломжтой байдаг уу? Кесар мэс заслаар төрсөн эхэд зүслэг хийлгэсэн умай сорвижилт үүсдэг бөгөөд хэрвээ оёдол хэт их сорвижсон байвал дараагийн төрөлтөд өөрөөрөө буюу үтрээгээр төрөх үед хүндрэл учирч, умай урагдах, цус алдах зэрэг олон хүндрэлийг дагуулах эрсдэлтэй байдаг. Гэсэн ч цөөн тохиолдолд эмч нар кесар хагалгааны дараа үтрээгээр төрөхийг зөвшөөрдөг. Дараах тохиолдлуудад үтрээгээр төрөх боломжтой. -Өмнөх кесар мэс заслын явц хэвийн явагдсан -Үүссэн шарх хүндрэлгүй анхдагчаар эдгэрсэн -Сүүлийн кесарын шарх зүслэг бага, хөндлөн байсан -Хэт авиан шинжилгээгээр умайн хуучин шарх эдгэрч шархны нимгэрэл боломжийн хэмжээнд байгаа -Тухайн жирэмсний явцад хүүхдийн жин урьд төрсөн хүүхдийн жингээс их биш -Хүүхдийн байрлал хэвийн -Төрөлтийн эмгэг байдал үүсээгүй -Архаг бүтэлт, ихсийн эмгэг байхгүй бол та өөрөөрөө төрөх боломжтой. Харин дараах тохиолдлуудад өөрөөрөө төрөхийг зөвшөөрөхгүй ба давтан кесар хагалгаа хийх заалттай байдаг. -Ураг бүтэлтийн шинжтэй -Ураг буруу байрлалтай -Ураг том -Жирэмсний тээлтийн хугацаа хэтэрсэн -Төрөлт сэдээгдсэн -Эх таргалалттай. БЖИ 30-с их -Эх жирэмсний хожуу хордлоготой -Эх 35-с дээш настай -Одоогийн жирэмслэлт өмнөх төрөлтөөс 19 сараас бага хугацаатай буюу ойрхон жирэмсэлсэн -Эмнэлгийн бэлэн байдал хангалтгүй -Өмнөх кесар мэс заслын зүслэг босоо, урт байсан -Өмнөх жирэмслэлтийн үед умай урагдаж байсан -Өмнө нь умайд олон тооны мэс ажилбар, мэс засал хийлгэж байсан. -Чихрийн шижин, зүрхний эмгэг, бэлгийн хомхой, ихэс түрүүлэлттэй. Кесар мэс заслыг хамгийн ихдээ 3 удаа хийлгэх нь тохиромжтой бөгөөд өмнө нь кесарын мэс заслаар төрж байсан эмэгтэйчүүд дараагийн жирэмслэлтээ маш сайн хянуулж, жирэмсний ямар нэг эмгэггүй байх хэрэгтэй. Кесар хагалгааны дараа өөрөө төрөх нь эмэгтэй хүн бүрд тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг тул та өөрт болон таны хүүхдэд ямар нэгэн эрсдэлтэй эсэхийг хяналтын эмчтэйгээ зөвлөлдөн, эмчийнхээ саналыг сонсон, эмчийн зөвлөсний дагуу шийдвэр гаргах хэрэгтэй.

Жирэмсэн үеийн эмчийн хяналт тун чухал, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч энэ хугацаанд тулгарч болзошгүй хүндрлүүдийн талаар зохих мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэн эмч таныг эдгээр хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрөл бүрийн шинжилгээнд хамруулдаг тул та шинжилгээ болон хяналтын үзлэгтээ цаг тухайд нь хамрагдах шаардлагатай юм. Жирэмсэлснээс төрөх хүртэлх хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ. Энэхүү тусламж, үйлчилгээний хүрээнд жирэмсний явц, эхийн эрүүл мэндийн байдал болон эхийн хэвлий дэх ургийн өсөлт бойжилтыг хянадаг. Та жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсний эхний саруудад мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, архаг өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр жирэмсний хугацаанд уг эмгэг сэдрэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой бусад хүндрэл үүсэхээс сэргийлж чадна. Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсний хяналтдаа орох гэж байгаа бол "Гоо мед" эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэгийн хамт олон танд туслахад бэлэн байна. Жирэмсэн эмэгтэй 12 долоо хоногийн дотор жирэмсний хяналтад орж анхны үзлэгийг заавал эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр хийлгэнэ. Жирэмсний тээлтийн хугацаанд хэвийн явцтай жирэмсэн эх 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эх 8 ба түүнээс дээш удаа үзүүлнэ. Эрт буюу 12 долоо хоногийн дотор (түүнээс бага хугацаанд) жирэмсний хяналтад орохын ач холбогдлыг дараах 12 бүлэгт багтаан авч үздэг. Үүнд: 1. Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайн эрүүл мэндийн талаар нотолгоонд суурилсан мэдээлэл зөвлөгөө өгч сонголт хийх, шийдвэр гаргахад тань дэмжлэг үзүүлнэ. 2. Жирэмсний хугацааг зөв тодорхойлж жирэмсний амралт авах хугацаа, төрөх хугацааг нарийвчлан тогтооно. 3. Эхийн биед буй эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношилж, жирэмсний явцад хүндэрч эхийн амь нас, урагт аюул учруулах эрсдэлтэй эсэхийг илрүүлж, эмчилнэ. 4. Жирэмсний хугацаанд хэрэглэвэл зохих нэмэлт бүтээгдэхүүн, эрдэс, амин дэмийг стандартын дагуу хэрэглэхийг зөвлөнө. 5. Ургийн өсөлт бойжилтыг тогтмол хянуулахаас гадна ургийн гажгийн илрүүлэгд тодорхой заалтаар эсвэл өөрийн хүсэлтээр хамрагдах боломжтой. 6. Ургийн эмгэгийг эрт илрүүлж эмчлэхээс гадна төрсний дараах нярайн эрт үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ. 7. Хэрэв жирэмслэлт, төрөлтийн явцад хүндрэл үүсч таны эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учирч болзошгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг, шийдвэрээр жирэмслэлтийг эрт хугацаанд таслах боломж бүрдэнэ. 8. Та хяналтын хугацаанд нөхөр эсвэл бусад гэр бүлийн гишүүдийн хамт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад 4-с доошгүй удаа хамрагдах боломжтой. 9. Залуу эцэг эхчүүд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед мөрдвөл зохих эрүүл мэндийн боловсролд суралцана. 10. Төрөлтийн үеийн өвдөлтийг хөнгөвчлөх дасгал хөдөлгөөн бусад аргуудад суралцана. 11. Монгол Улсын Засгийн газраас жирэмсэн эмэгтэй бүрд олгогдох халамжийн үйлчилгээг жирэмсний 20 долоо хоногтойгоос эхлэн авах боломж бүрдэнэ. 12. Жирэмсний 32 долоо хоногтойгоос танд жирэмсний амралт олгох листийг хяналтын эмч бичиж өгдөг. Тэгвэл хэзээ хяналтад орох вэ гэвэл сарын тэмдэг ирэхгүй байх, жирэмсний анхны шинж тэмдэг илрэх үед өөрийгөө жирэмсэн болжээ гэдгийг мэдэх үед харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, хяналтад орох ёстой. Ингэснээр төрөх хүртэлх хугацаанд хэзээ, ямар давтамжтай үзлэгт хамрагдах вэ гэдгээ мэднэ. Хоёрдугаарт, жирэмсний хяналтад орсноор өөрийнхөө эрүүл мэндийн байдал, ерөнхий үзүүлэлтүүдээ мэдэж авна. Надад ямар нэгэн архаг хууч өвчин, эрхтэн тогтолцооны эмгэг байна уу. Жирэмсний тээлтийн хугацаанд надад ямар асуудал үүсэж болзошгүй вэ. Энэ хугацаанд үүсэж болзошгүй бусад эмгэгүүдээс яаж сэргийлэх вэ. Мөн яаж төрөх вэ. Төрсний дараа ямар асуудлууд үүсэх вэ гээд жирэмсэн ээж, шинэ амьдрал биедээ тээж байгаа хүн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ мэдэх авах боломжтой. Шинэ амьдралыг хэвлийдээ тээж буй эх танд эрүүл энхийг хүсье.

Ураг орчмын шингэн нь: Жирэмсний эрт хугацаанд ихсийн ургийн талын талбай, ургийн амнион бүрхүүл, үр хөврөлийн гадаргуугийн шүүрэл зэргээс бүрдэнэ. Жирэмсний дунд болон төгсгөл үед ургийн шээс, ургийн уушгины цулцангийн шүүрэл зэргээс бүрддэг. Хэмжээ ямар байх ёстой вэ? Хэвийн үедээ Жирэмсний 16 долоо хоногтойд ойролцоогоор 250мл, цаашид нэмэгдэж 34-36 долоо хоногтойд 800мл орчим болно. Ураг орчмын шингэний Хэмжээ ихсэх нь: Ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй ба хүнд хэлбэрийн ураг орчмын шингэний ихсэлт нь ургийн хөгжлийн гажигтай хавсарч тохиолдоно. Эхийн хавсарсан эмгэг ( Чихрийн шижин, аллоиммунизаци гэх мэт) Халдварууд (TORCH, тэмбүү) Ихэр жирэмсэн бол ургаас урагт цус юүлэгдэх хам шинж Ураг орчмын шингэний багасалт: УОШ нь хэмжилтээр <5см байхыг хэлнэ. Ураг орчмын шингэний багасалт нь жирэмсний аль ч хугацаанд ураг амьгүй болох хүндрэлийг нэмэгдүүлнэ. Багасах шалтгаан: -Ураг орчмын шингэний бүрхүүл цоорох -Ургийн шээсний замын эрхтэний гажгууд -Илүү тээлт -Ихсийн дутмагшил -Ургийн шээсний гарцыг сааруулдаг эмүүдийн нөлөө зэргээс болж ургийн ус багасдаг. Жирэмсэнтэй холбоотой асуудлууд байвал манай эмнэлэгт ирж үзүүлэн зөвөлгөө аваарай. Утас: 77086868

БҮХ ХЯНАЛТ НЭГ ДОР ҮНЭХЭЭР АМАР МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХАМТ ОЛОНД БЯЦХАН ЕРТӨНЦӨӨ БҮХЭЛД НЬ ДААТГА Хүүхэд эхийн хэвлийд бүрдэх цагаас эхлэн эмчийн хяналтад орж, эсэн мэнд тээх явцыг мэргэжлийн хамт олон хийх нь эх ураг эрүүл саруул төрөхөд туслах чухал ач холбогдолтой билээ. Завгүй ажил ихтэй ээжүүдийн хувьд үндсэн өрхийн хяналтад дугаарлаж, хянагдах нь хотын түгжрээ, ажил, гэрийн алслалтаас шалтгаалж, зарим үед хүндрэлтэй байх нь бий. Тиймээс бид энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэн үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Жирэмсэн эзэгтэй таны хяналтыг манай элгэмсэг найрсаг хамт олон бүх төрлийн шинжилгээ, зөвлөгөө, эхо, үзлэг, тусламж үйлчилгээг хамгийн тухтай орчинд үзүүлж байна. Бид таны хувийн нууцлалыг чанд хадгалж, үйлчлэхдээ таатай байдаг билээ. Мөн дөнгөж төрсний дараа эх бүрт дахин шинэ ертөнц болсон бяцхан хүүхэдтэйгээ танилцах аялал эхэлдэг. Энэ үед хаана хэнд хандахаа мэдэхгүй эргэлзсэн санаа зовнисон олон асуудлууд гарч хаана хандахаа мэдэхгүй үе олон тохиолддог. Тэгвэл манай эмнэлэгийн мэргэжлийн хүүхдийн эмч, ажилчид танд түргэн шуурхай, оновчтой тусламж, үйлчилгээг үзүүлэх болно. Хэвийн болон хагалгаагаар төрсөн эхчүүдийн хяналт, нярайн үзлэг оношилгоог төрсөн цагаас эхлэн том болтол нь бид танай гэр бүлийн аз жаргалыг эрүүл өсөн бойжиход шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлэн ажиллаж байна. Бидний хамгийн том давуу тал таны бяцхан үрийг хэвлийд бүрдэх цагаас эхлэн анхны төрсөн өдрийн лаа хүртлэх бүрэн хяналтыг нэг дор үзүүлдэг мэргэжлийн эмнэлэг юм.

Охиддоо анхаарал тавиарай Охидыг 10 наснаас эхлэн сарын тэмдэг гэж юу болох, 12-14 насанд үтрээнээс цус гарвал айхгүй байхыг захих, хэрхэн ариун цэвэр сахих талаар сайтар хэлж эртнээс бэлдэх нь зөв юм. Сарын тэмдэг нь охидын хувьд анх хэзээ ирэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 12-14 насанд ихэвчлэн ирдэг байна. Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35 хоногтой байдаг. Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ч аажимдаа 1-2 жилийн дараа тогтворждог. Сарын тэмдгийн үеийн хямрал Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин биш юм. Сарын тэмдгийн хямралд: • Маш их ядрах • Уур уцаар хүрэх • Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах • Гэдсээр базалж өвдөх • Ууц нуруу хөшиж өвдөх • Бие сульдах • Бөөлжих, гүйлгэх • Толгой өвдөх • Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно. Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илрэх, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана. Зөвлөмж 1. Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нян үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй. Зөвлөмж 2. Шүршүүрт орох Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай. Зөвлөмж 3. Гадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирусийг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэснээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой. Зөвлөмж 4. Бэлэг эрхтнийг зөв угаах Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг эрхтнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг.

Жирэмсний явцад бөөр шээсний замд олон физиологи өөрчлөлтүүд илэрнэ. Жирэмсэн умай томрохын хирээр бөөрний хэмжээ өөрчлөгдөнө. Тухайлбал: Жирэмсний явцад бөөр 1-1,5см уртасч, эзэлхүүн нь 30% нэмэгдэнэ. Бөөрний тэвшинцэр 80%-р өргөсөх ба баруун бөөрөнд илүүтэй ажиглагдана. Эдгээр бүтцийн өөрчлөлтүүд нь жирэмсэн үед бөөрний үрэвсэл, шинж тэмдэггүй бактерури үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Жирэмсний 16 долоо хоногтойд шээсний ариун чанарын шинжилгээ өгөх ба шаардлагатай бол тээлтийн аль ч хугацаанд өгч болно. Гол нь тухайн нянд үйлчлэх антибиотикийг зөв сонгон, зөв цаг хугацаанд, зөв үргэлжлүүлэн эмчийн хяналтанд эмчлүүлэх шаардлагатай.

Дөнгөж төрсөн нярай хүүхдэд илрэх аюултай шинж тэмдгүүд 1. Хөдөлгөөн муудах, хэт их унтах эсвэл цочромтгой болох 2. Хөхөндөө муудах, хөхөж чадахгүй байх 3. Бөөлжих, татах халуун буурах /биеийн хэм 35С доош эсвэл биеийн халуун 38.5С дээш байх 4. Гарын алга, хөлийн ул шарлах арьсан дээр олон тооны идээт тууралт гарах 5. Амьсгалын тоо нэг минутад 60-с олшрох эсвэл 30-с цөөрөх 6. Цээж хүчтэй хонхолзох, цустай баах гэх мэт шинж тэмдгүүдээс илэрвэл та яаралтай мэргэжлийн эмчид хандаарай

Жирэмсэн эхчүүдэд сэтгэлзүйн дэмжлэг маш их хэрэгтэй Та жирэмсний дараах сэтгэл гутралын талаар сонссон байх харин жирэмсний үеийн сэтгэл гутралын талаар сонсож байсан уу? Эмэгтэй хүний биед гарч буй өөрчлөлтүүдээс хамаарч сэтгэлзүй, болон бие махбодын өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийг өндөр болгож, амархан гомдох, баярлах, уйлах гэх мэтчилэн байдлаар илэрдэг. Жирэмсэн үед сэтгэл гутралд оруулах хүчин зүйлс: -Сэтгэл түгших -Амьдралын стресс -Өмнө нь сэтгэл гутралд орж байсан -Хүмүүсээс дэмжлэг авдаггүй -Төлөвлөөгүй жирэмслэлт -Гэр бүлийн хүчирхийлэл Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь жирийн үед тохиолдох сэтгэл гутралын шинж тэмдэгтэй адилхан. Гэхдээ дараах сэжүүр жирэмсэн үед сэтгэл гутралд орсныг илтгэх боломжтой. -Хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовних -Өөртөө хэт итгэлгүй байх, хүүхэд өсгөхдөө хэт итгэлгүй байх -Таашаал авдаг зүйлсээсээ таашаал авч чадахгүй байх -Төрөхийн өмнөх хяналтыг муу дагаж мөрдөх -Тамхи татах, архи уух, хар тамхи хэрэглэх -Хоолны дэглэм алдагдсанаас болж жин сайн нэмэхгүй байх гэх мэт байдаг байна.

Жирэмсний 20-21 долоо хоног дотор 500 гр хүртэл жинтэй, амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа гарахыг зулбалт гэдэг. Зулбалт нь жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог. Зулбалтыг жирэмсний хугацаанаас хамаарч эрт үеийн болон хожуу үеийн зулбалт гэж ангилдаг. Зулбалтын шалтгаан Зулбалт үүсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн их тохиолддог шалгаан бол үр хөврөл хромосомын гажигтай болон удамшлын хэвийн биш байдалтай байх юм. Энэ тохиолдолд үр тогтсон цагаас эхэлж хөврөлийн хөгжил хэвийн явагдаж чаддаггүй. Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмслэлтийн 50-с илүү хувь доорх шалтгаануудын улмаас үүсдэг. Үүнд: • Халдварт өвчин ялангуяа бэлгийн замын халдварт өвчин • Чихрийн шижин • Умайн хэвийн биш бүтэц • Умайн фибромиома • Умайн хүзүүний дутмагшил • Өдөрт 300 миллиграммаас илүү кафейн хэрэглэх • Жирэмсний хугацаанд хоол тэжээлийн дутагдалтай байх • Жирэмсэн эмэгтэйн дархлаа сул байх • Ихсийн хэвийн биш байдал • Жирэмсэн үед зарим дааврын хэмжээ их байх • Орчны бохирдол • Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг орно. Зулбалтын шинж тэмдгүүд Хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай үзүүлж зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зулбалтын үед эмнэлгийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулаагүйгээс хүнд цус алдалт, халдвар зэрэг хүндрэл үүсэж улмаар амь насанд аюул тохиолдож болохыг анхаараарай. Зулбалтын шинж тэмдгүүд: • Хэвлийгээр хатуурч зангирах • Ууц нуруу чилж өвдөх • Умайн базлалт • Ураг орчмын шингэн гарах (жирэмсний 2 дах гурван сард) • Үтрээнээс цус гарах (үзэгдэх төдийгөөс цус алдалт хүртэл) Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эрт үед үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэх үед үзэгдэх төдий цайвар цуслаг ялгадас гарч болдог. Үүнийг зулбалтын үеийн цус гаралтаас ялгаж оношлох хэрэгтэй. Зулбалтын үед эхэндээ хэвлийн доод хэсгээр хатуурч бага зэрэг цус гарч эхэлдэг. Цаашид умайн базлалтын хүч болон цус гаралтын хэмжээ улам нэмэгддэг.

Үтрээний ялгарал нь эмэгтэйн бэлэг эрхтнээс шингэн эсвэл өтгөн зүйл гарахыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ нь харилцан адилгүй байдаг. Үтрээнээс бага хэмжээний ялгарал гарах нь бие махбодод байгалийн жамаар цэвэрлэгээний үйл ажиллагаа явагдаж байгааг харуулдаг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч хэмжээ нь өөр өөр байдаг. Үтрээний ялгарал өөрчлөгдөх (эвгүй үнэр гарах, өнгөтэй болох , гарч буй ялгарлын хэмжээ хэт ихсэх) эсвэл загатнах болон бусад зовуурь, шинж тэмдэгтэй уялдан үрэвсэл, халдвар явагдаж байгааг илэрхийлнэ. Эмэгтэйчүүдийн дунд үтрээнээс өнгөтэй юм гарах, загатнах зовуурь элбэг байдаг. Эдгээр шинж тэмдэг нь олон өвчний үед гардаг ч вульвовагинитис (мөөгөнцрийн шалтгаант), трихомонад, заг хүйтэн, хламид, нянгийн вагиноз гэсэн өвчний үед илэрдэг байна. Нянгийн вагиноз (Bacterial vaginosis) Нянгийн вагинозыг үрэвслийн бус халдвар гэж үздэг ба үтрээний орчин чанарын болон тооны хувьд өөрчлөгдсөнөөс үүсдэг. Ялгарлын гол шинж тэмдэг нь сүүн хүчлийн бактери эрс багасах буюу алга болж, ашиггүй нян хэт ихэсдэг. Энэ үед бэлэг эрхтнээс муудсан загасны мэт эхүүн үнэр гарах ба энэ нь бэлгийн хавьтлын дараа эсвэл сарын тэмдгийн үед илүү ихээр мэдрэгддэг. Өвчний эхэн үед цагаан юм нь шингэн, сааралдуу өнгөтэй байна. Өвчин удахын хирээр ялгарал шар, ногоондуу өнгөтэй болж илүү өтгөн, тараг шиг болно. Трихомониаз (Trichomonas) Трихомонад халдварын үед хөөсөрхөг, ногоон шаргалдуу өнгөтэй, үнэртэй ялгарал гардаг. Үүнээс гадна шээх болон бэлгийн харьцааны үед өвдөх, бэлэг эрхтэн загатнах, цочрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Заг хүйтэн (Gonorrhea) Заг хүйтний халдвар авсан эмэгтэйчүүдийн дийлэнхэд нь шинж тэмдэг илэрдэггүй ч шээхэд хорсох, ойр ойрхон шээх, ногоон өнгөтэй ялгарал гарах, бэлэг эрхтэн улайх, хавдах болон загатнах шинж тэмдэг илэрдэг. Хламиди Хламиди нь ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй. Хламидийн халдвар авсан үед үтрээний ялгарал ихсэхээс гадна шээсний замын халдварын шинж тэмдэг илэрч болно. Үтрээний мөөгөнцрийн халдвар Мөөгөнцөр нь үтрээнд тодорхой хэмжээгээр оршиж байдаг. Мөөгөнцрийн халдвар нь маш өргөн тархсан байдаг ч эмчилгээ сайн авдаг. Мөөгөнцөр нь ихэнх тохиолдолд Candida albicans-аар үүсгэгддэг. Эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа аль нэг мөчид мөөгөнцрийн халдвар авсан байдаг. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж чадвал мөөгөнцрийн халдварыг хүндрүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд хөвөрнө. Тэгвэл ханиадыг хэрхэн эмчлэх вэ? Хамгийн гол эмчилгээг таны дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэнэ. Та дархлаагаа дэмжээд л өгөх хэрэгтэй. Сайн амрах Шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух (ус байвал маш сайн) С АМИНДЭМ УУХ- Энэ их чухал аа. С амин дэм дархлаа тогтолцоог дэмждэг учир ханиад томууны үргэлжлэх хугацааг бууруулдаг. Ханиад томууны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8%, хүүхдэд 14%-иар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн ч байдаг. Ханиад томууны хүндрэл (2догчоор нянгийн халдвар- хамар дайврын хөндийн болон дунд чихний үрэвсэл, бронхит, уушгины хатгалгаа) үүсэхээс сэргийлдэг. Шаардлагатай бол шинж тэмдэг намдаах (гоё гоё нэртэй) эмүүдийг хэрэглэж болно. Гэхдээ шинж тэмдэг бууруулах эмүүд нь яг вирүсийг устгаж байгаа дархлааны урвалыг удаашруулж саатуулдаг гэдгийг бодно биз дээ. Бүх С амин дэм адилхан гэж үү? Мэдээж адилхан биш. Бид аль болох байгалийн гаралтай,өнгө үнэр амт оруулагчгүй,сахаргүй С амин дэмийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Гэвч зах зээл дээр худалдаалагдаж байгаа ихэнх амин дэм нийлэг байдаг. Байгалийн гаралтай С аминдэмд түүний үйлдэл болон шимэгдэлтийг дэмжих зөөвөрлөгч, кофактор гээд бодисууд агуулагдсан байдаг. Харин нийлэг буюу синтетик С аминдэмд эдгээр бодисууд байхгүй тул байгалийн гаралтай С аминдэмээс үйлдэл сул байдаг. Өдөр бүр хүүхдийн мэргэжлийн эмч танай гэр бүлийн бяцхан аз жаргалын эрүүл мэндэд тохирох үзлэг эмчилгээг хийж байна. Зөвлөгөө мэдээлэл авах утас: 7708-6868