
Умайд сорвитой жирэмсэн ээжүүд уншаарай
Энэ удаад ээжүүдийнхээ хамгийн их асуудаг асуултад хариулахаар бэлтгэлээ.
Кесар хагалгаагаар төрсөн хүн дахин өөрөөрөө төрөх боломжтой байдаг уу?
Кесар мэс заслаар төрсөн эхэд зүслэг хийлгэсэн умай сорвижилт үүсдэг бөгөөд хэрвээ оёдол хэт их сорвижсон байвал дараагийн төрөлтөд өөрөөрөө буюу үтрээгээр төрөх үед хүндрэл учирч, умай урагдах, цус алдах зэрэг олон хүндрэлийг дагуулах эрсдэлтэй байдаг. Гэсэн ч цөөн тохиолдолд эмч нар кесар хагалгааны дараа үтрээгээр төрөхийг зөвшөөрдөг.
Дараах тохиолдлуудад үтрээгээр төрөх боломжтой.
-Өмнөх кесар мэс заслын явц хэвийн явагдсан
-Үүссэн шарх хүндрэлгүй анхдагчаар эдгэрсэн
-Сүүлийн кесарын шарх зүслэг бага, хөндлөн байсан
-Хэт авиан шинжилгээгээр умайн хуучин шарх эдгэрч шархны нимгэрэл боломжийн хэмжээнд байгаа
-Тухайн жирэмсний явцад хүүхдийн жин урьд төрсөн хүүхдийн жингээс их биш
-Хүүхдийн байрлал хэвийн
-Төрөлтийн эмгэг байдал үүсээгүй
-Архаг бүтэлт, ихсийн эмгэг байхгүй бол та өөрөөрөө төрөх боломжтой.
Харин дараах тохиолдлуудад өөрөөрөө төрөхийг зөвшөөрөхгүй ба давтан кесар хагалгаа хийх заалттай байдаг.
-Ураг бүтэлтийн шинжтэй
-Ураг буруу байрлалтай
-Ураг том
-Жирэмсний тээлтийн хугацаа хэтэрсэн
-Төрөлт сэдээгдсэн
-Эх таргалалттай. БЖИ 30-с их
-Эх жирэмсний хожуу хордлоготой
-Эх 35-с дээш настай
-Одоогийн жирэмслэлт өмнөх төрөлтөөс 19 сараас бага хугацаатай буюу ойрхон жирэмсэлсэн
-Эмнэлгийн бэлэн байдал хангалтгүй
-Өмнөх кесар мэс заслын зүслэг босоо, урт байсан
-Өмнөх жирэмслэлтийн үед умай урагдаж байсан
-Өмнө нь умайд олон тооны мэс ажилбар, мэс засал хийлгэж байсан.
-Чихрийн шижин, зүрхний эмгэг, бэлгийн хомхой, ихэс түрүүлэлттэй.
Кесар мэс заслыг хамгийн ихдээ 3 удаа хийлгэх нь тохиромжтой бөгөөд өмнө нь кесарын мэс заслаар төрж байсан эмэгтэйчүүд дараагийн жирэмслэлтээ маш сайн хянуулж, жирэмсний ямар нэг эмгэггүй байх хэрэгтэй.
Кесар хагалгааны дараа өөрөө төрөх нь эмэгтэй хүн бүрд тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг тул та өөрт болон таны хүүхдэд ямар нэгэн эрсдэлтэй эсэхийг хяналтын эмчтэйгээ зөвлөлдөн, эмчийнхээ саналыг сонсон, эмчийн зөвлөсний дагуу шийдвэр гаргах хэрэгтэй.


