
Жирэмсэн эх тэмбүүгийн өвчтэй тохиолдолд эхийн хэвлийд байгаа хүүхдэд эхсийн цусны эргэлтээр халдвар дамжиж хүүхэд тэмбүү өвчтэй төрөхийг "төрөлхийн тэмбүү" гэж нэрлэдэг. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, хүүхэд насны, бага насны төрөлхийн тэмбүү гэж ангилдаг. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү, төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны, хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үзнэ.
Эхээс урагт ямар замаар халдварладаг вэ?
Ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй байдаг. Жирэмсний эхний гурван сар дотор эхэс хараахан үүсэж амжаагүй байдаг болохоор эхчүүд жирэмсний хяналтдаа гурван сар дотроо орвол эрт оношлоод, цусны эргэлтээр урагт тэмбүүгийн халдвар дамжихаас нь өмнө сэргийлж эмчлэх боломжтой байдаг.
Жирэмсний гурван сараас хойш эхэс үүсээд, ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй болдог учир ээж өвчтэй үед эхсийн цусан хангамжаар ураг халдвар авдаг. Гурван сараас хойш үед илэрсэн тохиолдолд оношлоод эмчиллээ гэхэд ээж хэзээ халдвар авсан байна, тэмбүүгийн аль үе шатандаа халдвар явж байгаагаас хамаараад гарах үр дагаврууд харилцан адилгүй.
Эх нь тэмбүүгийн халдвартай бол хүүхэд хугацаагаа гүйцээхгүй дутуу төрөх, амьгүй төрөх эрсдэлтэй.
Тэмбүү өвчний халдвар:
* Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
* Баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн
* Эхээс урагт гэсэн гурван замаар дамждаг.
Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа бол жирэмслэхээсээ өмнө гэр бүлийн хосууд хамтдаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд заавал хамрагдах ёстой.
Гэтэл эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахгүй, эхчүүд жирэмсний хяналтад хамрагдахгүй явсаар ийм эрсдэл үүсдэг. Төрөлхийн тэмбүүгийн нийт тохиолдлуудыг харахад 48 хувь нь огт жирэмсний хяналтад ороогүй эхчүүдээс бүртгэгдсэн байна. Үлдсэн жирэмсний хяналтад орсон эхчүүдийн хувьд өгөх ёстой шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээндээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаагаас шалтгаалж халдвар тээж байгаагаа ч мэдэхгүй төрөх хугацаа нь тулж байгаа харамсалтай явдал тохиолдож байна.


