
Жирэмсний 20-21 долоо хоног дотор 500 гр хүртэл жинтэй, амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа гарахыг зулбалт гэдэг. Зулбалт нь жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20%-д нь тохиолддог. Зулбалтыг жирэмсний хугацаанаас хамаарч эрт үеийн болон хожуу үеийн зулбалт гэж ангилдаг.
Зулбалтын шалтгаан
Зулбалт үүсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн их тохиолддог шалгаан бол үр хөврөл хромосомын гажигтай болон удамшлын хэвийн биш байдалтай байх юм. Энэ тохиолдолд үр тогтсон цагаас эхэлж хөврөлийн хөгжил хэвийн явагдаж чаддаггүй. Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмслэлтийн 50-с илүү хувь доорх шалтгаануудын улмаас үүсдэг.
Үүнд:
• Халдварт өвчин ялангуяа бэлгийн замын халдварт өвчин
• Чихрийн шижин
• Умайн хэвийн биш бүтэц
• Умайн фибромиома
• Умайн хүзүүний дутмагшил
• Өдөрт 300 миллиграммаас илүү кафейн хэрэглэх
• Жирэмсний хугацаанд хоол тэжээлийн дутагдалтай байх
• Жирэмсэн эмэгтэйн дархлаа сул байх
• Ихсийн хэвийн биш байдал
• Жирэмсэн үед зарим дааврын хэмжээ их байх
• Орчны бохирдол
• Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг орно.
Зулбалтын шинж тэмдгүүд
Хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай үзүүлж зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зулбалтын үед эмнэлгийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулаагүйгээс хүнд цус алдалт, халдвар зэрэг хүндрэл үүсэж улмаар амь насанд аюул тохиолдож болохыг анхаараарай.
Зулбалтын шинж тэмдгүүд:
• Хэвлийгээр хатуурч зангирах
• Ууц нуруу чилж өвдөх
• Умайн базлалт
• Ураг орчмын шингэн гарах (жирэмсний 2 дах гурван сард)
• Үтрээнээс цус гарах (үзэгдэх төдийгөөс цус алдалт хүртэл)
Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Жирэмсний эрт үед үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэх үед үзэгдэх төдий цайвар цуслаг ялгадас гарч болдог. Үүнийг зулбалтын үеийн цус гаралтаас ялгаж оношлох хэрэгтэй. Зулбалтын үед эхэндээ хэвлийн доод хэсгээр хатуурч бага зэрэг цус гарч эхэлдэг. Цаашид умайн базлалтын хүч болон цус гаралтын хэмжээ улам нэмэгддэг.


