
Жирэмсэн үеийн эмчийн хяналт тун чухал, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө.
Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч энэ хугацаанд тулгарч болзошгүй хүндрлүүдийн талаар зохих мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэн эмч таныг эдгээр хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрөл бүрийн шинжилгээнд хамруулдаг тул та шинжилгээ болон хяналтын үзлэгтээ цаг тухайд нь хамрагдах шаардлагатай юм.
Жирэмсэлснээс төрөх хүртэлх хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ. Энэхүү тусламж, үйлчилгээний хүрээнд жирэмсний явц, эхийн эрүүл мэндийн байдал болон эхийн хэвлий дэх ургийн өсөлт бойжилтыг хянадаг.
Та жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсний эхний саруудад мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, архаг өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр жирэмсний хугацаанд уг эмгэг сэдрэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой бусад хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсний хяналтдаа орох гэж байгаа бол "Гоо мед" эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэгийн хамт олон танд туслахад бэлэн байна.
Жирэмсэн эмэгтэй 12 долоо хоногийн дотор жирэмсний хяналтад орж анхны үзлэгийг заавал эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр хийлгэнэ.
Жирэмсний тээлтийн хугацаанд хэвийн явцтай жирэмсэн эх 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эх 8 ба түүнээс дээш удаа үзүүлнэ.
Эрт буюу 12 долоо хоногийн дотор (түүнээс бага хугацаанд) жирэмсний хяналтад орохын ач холбогдлыг дараах 12 бүлэгт багтаан авч үздэг. Үүнд:
1. Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайн эрүүл мэндийн талаар нотолгоонд суурилсан мэдээлэл зөвлөгөө өгч сонголт хийх, шийдвэр гаргахад тань дэмжлэг үзүүлнэ.
2. Жирэмсний хугацааг зөв тодорхойлж жирэмсний амралт авах хугацаа, төрөх хугацааг нарийвчлан тогтооно.
3. Эхийн биед буй эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношилж, жирэмсний явцад хүндэрч эхийн амь нас, урагт аюул учруулах эрсдэлтэй эсэхийг илрүүлж, эмчилнэ.
4. Жирэмсний хугацаанд хэрэглэвэл зохих нэмэлт бүтээгдэхүүн, эрдэс, амин дэмийг стандартын дагуу хэрэглэхийг зөвлөнө.
5. Ургийн өсөлт бойжилтыг тогтмол хянуулахаас гадна ургийн гажгийн илрүүлэгд тодорхой заалтаар эсвэл өөрийн хүсэлтээр хамрагдах боломжтой.
6. Ургийн эмгэгийг эрт илрүүлж эмчлэхээс гадна төрсний дараах нярайн эрт үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ.
7. Хэрэв жирэмслэлт, төрөлтийн явцад хүндрэл үүсч таны эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учирч болзошгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг, шийдвэрээр жирэмслэлтийг эрт хугацаанд таслах боломж бүрдэнэ.
8. Та хяналтын хугацаанд нөхөр эсвэл бусад гэр бүлийн гишүүдийн хамт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад 4-с доошгүй удаа хамрагдах боломжтой.
9. Залуу эцэг эхчүүд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед мөрдвөл зохих эрүүл мэндийн боловсролд суралцана.
10. Төрөлтийн үеийн өвдөлтийг хөнгөвчлөх дасгал хөдөлгөөн бусад аргуудад суралцана.
11. Монгол Улсын Засгийн газраас жирэмсэн эмэгтэй бүрд олгогдох халамжийн үйлчилгээг жирэмсний 20 долоо хоногтойгоос эхлэн авах боломж бүрдэнэ.
12. Жирэмсний 32 долоо хоногтойгоос танд жирэмсний амралт олгох листийг хяналтын эмч бичиж өгдөг.
Тэгвэл хэзээ хяналтад орох вэ гэвэл сарын тэмдэг ирэхгүй байх, жирэмсний анхны шинж тэмдэг илрэх үед өөрийгөө жирэмсэн болжээ гэдгийг мэдэх үед харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, хяналтад орох ёстой. Ингэснээр төрөх хүртэлх хугацаанд хэзээ, ямар давтамжтай үзлэгт хамрагдах вэ гэдгээ мэднэ.
Хоёрдугаарт, жирэмсний хяналтад орсноор өөрийнхөө эрүүл мэндийн байдал, ерөнхий үзүүлэлтүүдээ мэдэж авна. Надад ямар нэгэн архаг хууч өвчин, эрхтэн тогтолцооны эмгэг байна уу.
Жирэмсний тээлтийн хугацаанд надад ямар асуудал үүсэж болзошгүй вэ. Энэ хугацаанд үүсэж болзошгүй бусад эмгэгүүдээс яаж сэргийлэх вэ. Мөн яаж төрөх вэ. Төрсний дараа ямар асуудлууд үүсэх вэ гээд жирэмсэн ээж, шинэ амьдрал биедээ тээж байгаа хүн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ мэдэх авах боломжтой.
Шинэ амьдралыг хэвлийдээ тээж буй эх танд эрүүл энхийг хүсье.


