
Охиддоо анхаарал тавиарай
Охидыг 10 наснаас эхлэн сарын тэмдэг гэж юу болох, 12-14 насанд үтрээнээс цус гарвал айхгүй байхыг захих, хэрхэн ариун цэвэр сахих талаар сайтар хэлж эртнээс бэлдэх нь зөв юм. Сарын тэмдэг нь охидын хувьд анх хэзээ ирэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 12-14 насанд ихэвчлэн ирдэг байна.
Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35 хоногтой байдаг. Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ч аажимдаа 1-2 жилийн дараа тогтворждог.
Сарын тэмдгийн үеийн хямрал
Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин биш юм.
Сарын тэмдгийн хямралд:
• Маш их ядрах
• Уур уцаар хүрэх
• Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах
• Гэдсээр базалж өвдөх
• Ууц нуруу хөшиж өвдөх
• Бие сульдах
• Бөөлжих, гүйлгэх
• Толгой өвдөх
• Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно.
Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илрэх, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана.
Зөвлөмж 1. Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих
Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нян үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй.
Зөвлөмж 2. Шүршүүрт орох
Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.
Зөвлөмж 3. Гадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх
Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирусийг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэснээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой.
Зөвлөмж 4. Бэлэг эрхтнийг зөв угаах
Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг эрхтнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг.


