
Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд өөртөө маш их анхаарал тавьдаг хэр нь төрсний дараа өөрийгөө мартчих нь элбэг. Гэтэл эх хүн хөхний сүүгээрээ маш их эрдэс бодис алдаж байдгийн зэрэгцээ урт хугацаанд дутуу нойртой явсны улмаас ядарч, бухимдаж эхэлдэг.
Хэдийгээр дөнгөж төрсөн ээжүүдийн дунд энэ нь энгийн л үзэгдэл мэт санагдаж болох ч шаардлагатай эм бэлдмэл, витаминаа тогтмол ууж, сайн унтаж амарч, гэр бүлээсээ санаа зоволтгүй туслалцаа авч сурах чухал.
Мөн дөнгөж төрсний дараа шавхраг 10 хоногийн дотор шавхагдаж дуусах ёстой ба үүнээс илүү урт хугацаагаар гарах, эсвэл ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгт зайлшгүй хамрагдах ёстойг анхаараарай.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МӨРДВӨЛ ЗОХИХ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Чанартай нойр: Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал эрэгтэй хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг нь тэдний нойрны асуудалтай шууд холбоотой. Хангалттай сайн унтаж амарсан хүний тархи сэргэг, сэтгэл санаа өөдрөг, бие эрч хүчтэй байдаг ба энэ нь олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол цөм гэдгийг мартаж болохгүй.
Зөв арчилгаа: Эмэгтэй хүн бүр өдөр тутамдаа үтрээний зөв угаалга, зөв арчилгаанд анхаарах шаардлагатай. Учир нь үтрээний орчин эрүүл, цэвэр байж л умайн хүзүү, үрийн хоолой, өндгөвч эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Үтрээг өдөр тутамд бүлээн гоожуур усаар угаах, саван хэрэглэхгүй байх, эмчийн зааваргүйгээр олон төрлийн өнгө, үнэртэй лаа, цацлага гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх (эдгээр нь үтрээний хэвийн орчныг алдагдуулж, нян бактери үржих нөхцөл бүрдүүлдэг) тал дээр анхаарах нь зүйтэй.
Зохистой хооллолт: Жимс жимсгэнэ, навчит ногоо, саримс, цагаан гаа, сүү цагаан идээ, самар, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь Витамин A, B, C, E, D, K, кали, магни, цайр, антиоксидант гээд хүний биед хэрэгтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг. Эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд хамгийн ихээр өртдөг учраас зөвхөн жин нэмж, хасахын тулд бус сэтгэл ханамж, таашаал мэдрэхийн зэрэгцээ бие болоод сэтгэлзүйгээ эрүүл байлгахыг эрхэмлэж сурахыг зөвлөж байна.
Дархлаагаа дэмжих: Дархлааны систем нь хүнийг өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалах хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч гэж тодорхойлж болно. Харин дархлааны систем ажиллахгүй байх үед хүний биед нян бактери амжилттай нэвтэрч, олон төрлийн өвчлөл үүсгэх таатай нөхцөл бүрддэг. Тэгвэл дархлааны системээ сайтар ажиллуулахын тулд гэдсэн дэх ашигтай бактериа нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлсөө гадагшлуулах, хангалттай хугацаагаар чанартай нойр авах, зөв хооллох, мөн шаардлагатай вакцинуудад хамрагдаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах энгийн дүрмүүдийг мөрдөхөд л хангалттай юм.
ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИД ТОГТМОЛ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна.
Умайн хүзүү нь өөрөө дүлий эрхтэн учраас хавдар болсон ч ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй нь хурдан хүндрэх гол шалтгаан болдог. Тиймдээ ч дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт бичигдэж байна.
Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг. Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн.


