
Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирэх, хөх ургах, жирэмслэх, цэвэрших гэх мэт дааврын огцом өөрчлөлтүүд бий болгох байгалийн хүчин зүйлс эрэгтэй хүнтэй харьцуулахад их байдгаас гадна хүсээгүй жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар гээд зөвхөн эмэгтэй хүнд хамаарах эрүүл мэндийн асуудал ч нэлээдгүй бий.
ДЭМБ охид эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд саад болдог нийгмийн хүчин зүйлсийг хүйсийн болоод орлогын тэгш бус байдал, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бодит туршлага, эсвэл болзошгүй эрсдэл, ядуурал хэмээн тодорхойлсон байдаг.
Үнэхээр ч 2018 онд зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар нас барсан 311,000 эмэгтэйн 85 гаруй хувь нь бага болон дунд орлоготой улсын эмэгтэйчүүд байсан нь хувь хүний амьдралын хэв маягаас гадна улс орны эдийн засаг, амьдралын чанар иргэдийн эрүүл мэндэд ямар их хамааралтайг харуулсан жишээ болсон билээ.
Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам.
Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна. Умайн хүзүү нь өөрөө дүлий эрхтэн учраас хавдар болсон ч ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй нь хурдан хүндрэх гол шалтгаан болдог.
Тиймдээ ч дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт бичигдэж байна.
Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг.
Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн.
Манай эмнэлэгт эмэгтэйчүүдийн бүх төрлийн үзлэг оношилгоо, тусламж, үйлчилгээг өдөр бүр хийж байна. Тиймээс та өөрийн болон охиныхоо эмэгтэйчүүдийн үзлэгийг тогтмол хийж, гэр бүлээ эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.


