
ХАНИАД, ТОМУУНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛХАМ
Улирал солигдох үед хүүхдүүд төдийгүй томчууд ч ханиад, томуу тусах нь элбэг.
Томуугийн вакцин
Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Тухайн улиралд ямар вирус дэгдэх вэ гэдгийг ДЭМБ-аас судлаад жил бүр томуугийн вакцин гаргадаг юм. Вакцин хийлгэвэл огт ханиад хүрэхгүй гэсэн ойлголт эцэг эхчүүдийн дунд байдаг. Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа 200 гаруй төрлийн вирус байдаг учраас томуугийн вакцин 100 хувь томуугаас сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Чийгтэй цэвэрлэгээ хийх
Судалгаагаар 50-60 хувийн чийгшилтэй байхад вирус харьцангуй тэсвэр муутай, харин эсрэгээрээ хуурай агаарт тэсвэртэй. Тиймээс өвлийн улиралд томуугийн өвчлөл их байдаг байх нь. Гэрийн орчныг маш сайн чийгшүүлж, чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Ингэхдээ ариутгагч хлорамин, гэр ахуйн ариутгалын бодис тохирсон хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
Агаарын солилцоо
2-4 цаг тутамд агаарын солилцоо хийж байгаарай. Тасалгааны нөхцөлд вирус 2-9 цаг тэсвэртэй байдаг учраас өрөөний агааржуулалтыг ийм хугацаанд сэлгэж байх хэрэгтэй.
Нойр
Хүүхдийг маш сайн унтуулж, амрааж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвшээрэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг.
Хамар их чухал эрхтэн
Гаднын биетийг шүүнэ, бүлээсгэж, уушгинд дамжуулна, агаар ч чийглэж өгнө. Тиймээс хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Хамар битүү байвал амаараа амьсгалж, хоолой өвдөх шалтгаан болдог.
Дээрээс нь хүүхдээ ханиад хүргэхгүй байя гэвэл эцэг эх асран хамгаалагчид орой ирээд амаа зайлдаг, өөрсдийнхөө дархлааг сайн дэмжиж ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Хөхөөр хооллолтыг дэмжих хэрэгтэй. Эхийн сүү тэр чигтээ дархлаа. Угж эхийн сүүг орлож чадахгүй.


