
ХҮҮХДИЙНХЭЭ ААШИЙГ ОЛОХГҮЙ Л БАЙНА УУ?
Нярай хүүхэд гэдэг томчууд шиг яг юу нь яаж хаанаа өвдөж байгааг илэрхийлж чаддаггүй учир бид хэсэгтээ л самгарддаг шүү дээ.
Иймэрхүү тавгүйтэл нярай хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг бөгөөд ихэвчлэн оройн 6 цагаас шөнө дундын хооронд элбэг тохиолддог. Гэвч ихэнх нярайд энэ байдал төдийлөн удаан үргэлжлэхгүй бөгөөд амьдралын эхний зургаан долоо хоногт өдөрт дунджаар гурван цаг орчим хугацаанд уйлдаг байснаа уйлах нь аажмаар багасаж гурав дөрвөн сартайдаа өдөрт дунджаар нэгээс хоёр цаг уйлдаг болно. Нярай хүүхэд иймэрхүү байлалтайгаар уйлж харин өдрийн бусад цагуудад харьцангуй тайван байх нь хэвийн үзэгдэл бөгөөд төдийлөн санаа зовох шинж биш юм.
Харин хүүхдийн тань энэ уйлалт зогсохгүй эрчимжиж, өдөр шөнийн аль ч цагт удаан хугацааны турш үргэлжилж байвал энэ нь нярайн колик буюу нярайн шалтгаангүй уйлах шинж байж болох талтай. Нярай шалтгаангүй уйлах хэмээх энэхүү тавгүй байдал нь дунджаар таван нярай тутмын нэгд нь тохиолддог бөгөөд ихэвчлэн амьдралын хоёр дахь долоо хоногоос дөрөв дэх долоо хоногийн хооронд үүсдэг.
Энэ үедээ хүүхэд тайван биш чангаар орилон уйлах ба зарим нярай хөлөө нугалж тэнийлгэн тийчгэнэх маягтай хөдөлгөнө. Мөн гэдэс нь цардайн дүүрч болох бөгөөд заримдаа унгаж байдаг. Энэхүү нярайн колик шинжтэй хүүхэд өдрийн аль ч цагт уйлж болох ба орой үдшээр улам илүү уйлна.
Энэ шинж нь нярай хүүхэд маань аливаа цочролд ер бусын мэдрэг эсвэл өөрийн мэдрэлийн тогтолцоогоо хянаж зохицуулах чадваргүйн улмаас илэрдэг хэмээн үздэг.
НЯРАЙН КОЛИКИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Хэрэв хүүхэд хөхөөр хооллож байгаа бол түүнийг цээжиндээ зөв наалдсан эсэхийг нь шалгаж, хүссэн хугацаанд нь хөхөө хөхөхийг зөвшөөрөх хэрэгтэй
Ээжүүд гэдэс дотор хий үүсгэдэг бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээс хасах хэрэгтэй. Үүнд: байцаа, вандуй, эрдэнэ шиш, өргөст хэмх, чинжүү, сонгино, усан үзэм, банана, бяслаг, гэрийн бяслаг болон бусад.
Хүүхдэд зориулсан массаж хийх. Массажийг цагийн зүүний дагуу (гэдэсний дагуу) хүйсийн эргэн тойронд хөнгөн дугуй хөдөлгөөнөөр хийдэг.
Хүүхэд эхийнхээ халуун дулааныг мэдэрч илүү сайн тайвширдаг.


