
Мөөгөнцрийн халдвар гэж юу вэ?
Жирэмсэн үед эстроген дааврын түвшин ихэссэний улмаас үтрээ илүүдэл хэмжээний гликоген ялгаруулдаг нь мөөгөнцөр өсөж үржих таатай нөхцөл болдог.
Мөөгөнцөр бол үтрээний халдварын нэг төрөл бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Хэрэв та удаан хугацаанд эсвэл олон удаа антибиотик хэрэглэж байсан бол мөөгөнцрийн халдварт өртөх эрсдэл илүү өндөр байх болно. Учир нь антибиотик өвчин үүсгэгч бактериудаас гадна үтрээний хэвийн орчныг хадгалах үүрэгтэй бичил биетүүдийг устгадаг.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Жирэмсэн үед мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг илэрч эмчилгээ хийх хүртэл даамжирч болохоос гадна зарим тохиолдолд өөрөө намжиж далд хэлбэрт орох нь ч бий.
Мөөгөнцрийн халдварын шинж тэмдгүүд:
-Үтрээ болон бэлгийн уруул загатнах, эмзэг, хөндүүр болж улайх зэрэг шинж илэрнэ
-Үтрээний шүүрэл өөрчлөгдөж үнэргүй, цайвар өнгөтэй, цөцгий шиг өтгөн ялгадас гарна
-Бэлгийн харьцааны үед өвдөлт, таагүй мэдрэмж төрнө
-Шээх үед бэлэг эрхтэн цочирч хорсоно. (үрэвсэлтэй хэсэгт шээс хүрснээс болж)
Мөөгөнцрийн халдвар урагт нөлөөлдөг үү
Мөөгөнцрийн халдвар ургийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөггүй. Харин төрөх үед урагт халдаж болно. Хэрэв хүүхдэд халдаж цаашид даамжирвал хүүхдийн амыг өвчлүүлэх бөгөөд үүнийг ам гэмтэх гэж нэрлэдэг. Ам гэмтэх үед хүүхдийн амны хөндийд цагаан өнгийн толбо гардаг бөгөөд зарим үед хэлэн дээр гарч болно. Хэдийгээр мөөгөнцрийн халдвар урагт нөлөөлөхгүй ч мөөгөнцрийн эсрэг төрөл бүрийн эмчилгээ /үтрээний лаа, цацлага зэрэг/ болон бусад антибиотик эмчилгээ нь сөргөөр нөлөөлж байдаг.
Жирэмсэн үед үтрээний мөөгөнцрийг эмчлэхдээ эм хэрэглэх нь сөрөг нөлөөтэй тул эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй натурал бүтээгдэхүүн хэрэглэх, дархлааны тогтолцоог тэнцвэртэй байлгах нь хамгийн чухал юм.
Хэрэв танд мөөгөнцрийн халдвар байж магадгүй бол яах вэ
Ихэнх эмэгтэйчүүд өөрсдөө тааж эмчилгээ хийснээс болж халдварыг бүрэн эмчлэх боломжоо алдаж архаг хэлбэрт оруулдаг тул оновчтой эмчилгээг хийлгэхийн тулд мэргэжлийн эмчид хандаарай


